This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 8сар » 5 » Хэрээ шиг бүү гуагалцгаа, Цагаанбаатар монголын нэрийг олон жил тахалсан
11.49
Хэрээ шиг бүү гуагалцгаа, Цагаанбаатар монголын нэрийг олон жил тахалсан
Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Лондонгийн олимпийн дэвжээнээс медалгүй буулаа. Үнэхээр харамсалтай байна. Гэвч энэ бол спортын ертөнцөд болдог л үйл явдал. Тамирчин хүний тавиланд тохиолддог л хүнд хэцүү үе.Цахилж явдаг Цагаанбаатар энэ өдрүүдэд цурхирч байна. Дэлхийн жүдогийн ертөнцийг нэр сүр, ааг омог, амжилт бахдлаараа чичрүүлж ирсэн түүнийг ганцхан секундын гишгэдэл дээр хальтран унахад хачирхалтай нь эх орон нэгтнүүднүүд нь хамгийн эхэлж нүүрээ буруулав. Яасан ч хямдхан сэтгэл юм, ямар ч хэврэгхэн итгэл юм. Өмнөөс нь ичих шиг хэцүү зүйл алга. Алдарт тамирчны энэхүү ялагдал манайхны уур унтууг бадрааж, хорон хэлийг нь гозгонуулж, хөөрхий Цагаанаа хараал зүхлийн бай болж байна. Цагаанбаатар Харбаатар л гэнэ. Увсын дөрвөдийг их спортоос зайлуул л гэнэ. Эхнэр хүүхэд, эх нутаг, багш дасгалжуулагч гээд хавь ойрынхноор нь хамаж шимэн хамруулж хараал хэрүүлээр будаж байна. Ийм богинохон, ийм бүдүүлэг, ийм тарчиг, ийм тамиргүй чанар манайхны сэтгэл зүйд буг шиг шигджээ. Булай юм гэж энэ л байна. Цагтаа Монголын нэрийг мандуулсан шиг мандуулж, нүүрийг нь тахалсан шиг тахалж ирсэн дэлхийн шилдэг тамирчнаа ганцхан секундын хий гишгэдэлттэй нь хамт ёроол руу хайр найргүй чулуудаж байгааг харахаас сэтгэл шимширнэ.Баруун хязгаарын Баруунтуруун гэх жижигхэн сууринд мэндэлсэн эгэл ардын хөвүүн Цагаанбаатар дэлхийн дайдад од болон гялалзаж, бидний баяр бахдлыг тээж ирсэн билээ.Түүний бидэнд авчирсан анхны амжилт 2003 оны Азийн аваргын алтан медаль байв. Чухам энэ үеэс л Цагаанбаатарын гэх аатай омогтой, хяргасан хурц амжилтууд эхлэсэн. Дараа жил нь л тэр 2004 оны Афины олимпийн жүдо бөхийн 66 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэн. Цагаанаагийн хүзүүнд гялалзсан энэ хүрэл тухайн үед Монголын багийн цорын ганц амжилт байлаа. Олимпоос анхны медалиа авсан тэр жил нь л лав монголд Цагаанбаатаргүй арга хэмжээ байгаагүй юм даг. Бүгд л хүзүүдэн үнсэж, бүгд л цэцэг шидэж байсан. Дахиад дараа жил нь тэр самбо бөхийн дэлхийн аварга болж шуугиулсан. Ахиад дараа жил нь тэр Азийн XV наадмын аварга, оюутны дэлхийн аварга, Зүүн Азийн аварга, "Korea Open” тэмцээний аварга болсон. 2009 оны дэлхийн аварга, "Мастерс”, "Их дуулга” гээд олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг бүхий л тэмцээнээс алтан медаль авчирсан. Ахиад 2010 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Ийм л түүхтэй тамирчин. Тэр бол дэлхийн жүдо бөхийн холбооны нэрийн хуудас. Олон жил төрийн дууллаа дэлхийн их спортын тэнгэрт эгшиглүүлж, ялалтын тавцанд нүдэндээ нулимстай зогсч ирсэн тамирчин хүн. Ийм л юм.Лондонгийн алтыг хүзүүндээ зүүсэн Гүржийн Шавдатуашвилийн цорын ганц айдас нь манай Цагаанбаатар байсан гэхэд хэн ч маргахгүй биз.Цагаанбаатар хоёр дахь барилдаанаасаа харамсалтайгаар олимпийн дэвжээг орхиогүй бол алтан медаль гарцаагүй авах байсан гэдэгтэй ч хэн нэгэн нь мэтгэхгүй биз. Харамсал бидний бүгдэд байгаа. Харамсахаас ч аргагүй явдал боллоо. Тавхан секунд тэсчихсэн бол. Онгирч, эрдэж илүү төрснөө гайхуулж бахдуулах гэж шуналгүй жаахан болгоомжтой, зальтай, гол нь ухаалаг хандсан бол....гэх үгс бол хэвийн хүн бүрийн амнаас унаж байна. Унах ч ёстой.Ер нь бол их итгэл найдвар алдагдвал ардаа дандаа харууслын халуун мөр дагуулдаг. Их итгэл, их хайр аль аль нь маш том дарамт байдаг болохоор тэр. Ерөөс ямар ч зүйл дээр дарамт гэх ойлголт л хүний хамгийн том зовлон байдаг.Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд Лондонгийн олимпийн хөшиг хаагджээ. Одоо түүний сэтгэлд Лондонгийн олимп гэсэн шархирмаар том бэтэг үүссэн. Бэтгээр нь болгоомжтой л оролдоорой гэж гуймаар байна. Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, тивийн хошой аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар энэ алдарт тамирчны нулимс нь ч монголынх шүү. Өөрийгөө харааж, гашуун нулимсаа дотроо асгаруулж суугаа гэдгийг нь бодоорой гэж хэлмээр байна.Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өчигдөр өрсөлдөөний талбарт гарлаа. Интернэтийн ангуучид аль хэдийнэ түүний зүрх сэтгэлийг дэвслээд эхэлжээ. Тэр байж боломгүй дарамтын дор өрсөлдөв. 2007 онд түүнтэй ярилцаж байлаа. Алдар нэр, алдаа оноо, амьдралын ээдрээ, хайр сэтгэлийн зовлон дунд Гүндэгмаа бүлтгэнэж суусансан. Түүний амнаас унасан үгс өнөөдөр ч санагдана. "Намайг чөлөөлж өгөөч, намайг явуулчихаач дээ” гэж тэр хэн нэгэнд хандан хэлж байсан нь дурсагдана. Бид тамирчдаас амжилт л нэхдэг. Гэхдээ хүнийх нь хувьд туулж яваа тавиланг нь огт бодолцдоггүй.Интернетийн ангуучид энэ өдрүүдэд ид гуагалж байна. Тэдэнд зүрх сэтгэл гэж юм байдаггүй бололтой......Цагаанаа гэж нэг онгироо юм Мяарагчаад шавар боллоо......Увсын хөлдүү хулгайч Балжиннямыг Цагаанаатай нь хамт зайлуулъя......Бидний татварын мөнгийг Лондонгийн салхинд хийсгэсэн Цагаанбаатарыг өндгөөр шидье.....Энэ жилийн олимпоос манайх ямарч шагнал авахгүй нь дээ. Арга ч үгүй биз. Ховордорж гэж нэг новш очоод сүлд хийморийг нь унагачихлаа. Бээжингийн олимпод ямар амжилт гаргасан билээ. Н.Энхбаярын үед цоглог байждээ Ховордорж ирээд талбай дээр ялагдсанаа тэмдэглэж, АН-ынхан архидах байх даа... Сайтуудаар хөврөх хараал зүхлийн зах зухаас ишлэхэд ийм л байна. Бидний зан суртахууны төвшин ийм л байна. Өвддөг зүрх сэтгэл, өмөрдөг энэрэл хайр үгүй болжээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 338 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]