This is an example of a HTML caption with a link.
Main » 2014 » 1 сар » 15 » Жастин Тимберлейк: Би одоо хүртэл Бритни Спирст хайртай
14.40
Жастин Тимберлейк: Би одоо хүртэл Бритни Спирст хайртай
Шоу бизнест 22 жилийг өнгөрүүлэхдээ Жастин Тимберлейк өөртөө сайн дуучин болох, сайн цомог гаргах, сайн жүжигчин болох гээд олон зорилго тавьж байжээ. Тэрбээр жилийн өмнө ганц биеэ амьдралдаа цэг тавьж, жүжигчин Жессика Биллтэй гэрлэсэн. Түүний "ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Сүүлд бүтээсэн Ричи хэмээх баатрын түүх "Бодит ертөнцөд тавтай морил” гэх үгээр эхэлдэг?
- Телевиз, хөгжим, кино, хувийн амьдрал гээд л амьдралын анхны хичээлийг аав, ээж минь заасан. Тэдэнтэй би үргэлж ойр дотно байсаар ирсэн. Намайг хүүхэд байхаас л ээж минь "Ямар ч хүн өмднийхөө гуяыг нэг нэгээр нь ээлжилж өмсдөг. Бүгд л адилхан” гэдэг. Үүнийг хэрхэн орчуулахыг мэдэхгүй байна. Гэхдээ аль ч хэлнээ утга нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ үгийг хүүхэд байхаасаа амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн.
-Олон жилийн дараа хэн нэгэн таниас энэ киноны зураг авалтын талаар асуувал хамгийн түрүүнд юу санаанд орох бол?
-Өдөр бүр орж байсан тэр бороо. Ямар их гунигтай байсан гээч. Зургийн талбайд хэн ч байхгүй. Харин ард минь цагаан даашинзтай нэг бүсгүй. Би дурлав. За тоглосон юм аа. /Инээв/. Энэ кинонд тоглоход маш хөгжилтэй байсан. Ухаан, анхаарал шаардсан кино хэрнээ зураг авалт нь хөгжилтэй байх тохиолдол бий. Энэ кино яг л тэр шалгуурт нийцсэн. Киноны найруулагч Брэд Фурманы Америкийн шинэ мөрөөдөл гэж нэрлэж байгаа зүйл юм. Америк мөрөөдөл гэхээр өмнө нь баян, алдартай нэртэй болох л байсан. Харин одоо хүмүүс аль болох хурдан баяжиж, алдар нэртэй болохыг эрмэлздэг болжээ. Бүх зүйл бэлэн зэлэн болох тусам бид түүнийг аль болох хурдан авахыг хүсдэг шүү дээ. Нэг товчлуур дараад л хүссэн бүхнээ гүйцээхийг мөрөөддөг гэсэн үг.
-Нэг зүйлийг асуухад та мөнгийг маш хялбархан аргаар олсон үе бий юу?
-Үгүй. Би багаасаа л ажилласан. 20 гаруй жилийн турш ажиллаж байна. Хийж буй ажил маань ч надад таалагддаг. Ингэж хэлэх боломж олдсондоо би баяртай байна.

-Тимберлейк, миний бодлоор та бол гайхалтай хүн. Дуучин байснаа жүжигчин болохоор зориглож, хамгийн гол нь зорилгоо биелүүлж чадсан. Энэ кинонд гардаг шиг бүх зүйл тань ганцхан хөзөрнөөс шалтгаалах үе өөрт тань тохиолдож байсан уу?
-Би Тийм ч мундаг, тэр тусмаа сэтгэлийн хөдөлгөөнтэй тоглогч биш. Гэхдээ амьдралдаа хийсэн алхам бүр маань ямар нэг хэмжээгээр эрсдэл дагуулж байсан. Нөгөө талаар, шоу бизнест эрсдэл хийлгүйгээр амжилт олно гэж байхгүй. Хэрвээ "Runner, runner”-т гардаг шиг байдалд орсон бол "Харамсах хэрэггүй” гэсэн нэг л дүрмийг дагах хэрэгтэй.
-Миний бодлоор энэ кино мөнгөний тухай хэвшмэл ойлголтыг эвдсэн. Эрчүүдэд мөнгө юуны тулд хэрэгтэй байдаг билээ. Эрх мэдэл олохын тулд л биз дээ. Бүх эрчүүдэд эрх мэдэл эмэгтэйчүүдийг эрхэндээ оруулахын тулд хэрэгтэй болдог?
-Үгүй. Та хүнээ олж асуусангүй. Би бол Теннеси мужийн жижиг хотод маш энгийн амьдралаар өссөн. Ээж маань мөнгөний талаар нэг их ярьдаггүй байсан, эмэгтэйчүүдийн талаар ч адилхан. Мөнгө намайг сайн дуучин, эсвэл жүжигчин болгоно гэж би боддоггүй.  Эцэг эх маань хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрах нь л аз жаргал авчирдаг гэж сургасан. Үнэхээр өөрийн хөдөлмөрөөр амьдарч байгаа бол ядуухан байсан ч гавьяатай гэж. Төрсөн эцэг маань сүмийн найрал дууны удирдаач байсан. Тийм болохоор би анх сүмийн найрал дуунд дуулж эхэлсэн. Харин таван настай байхад ээж ааваас  минь салж, казиногийн банкир хүнтэй гэр бүл болсон юм.  Энэ хүн надад мөнгөтэй хэрхэн мэргэжлийн төвшинд харьцахыг сургасан. Өглөө сонингоо авахад хойд аав маань сонины спортын нүүрийг, харин би биржийн мэдээг уншдаг байсныг санаж байна /инээв/. Мөнгө аз жаргалын түлхүүр биш гэдгийг би дараа нь амьдрал дээр ухаарсан.
-Мила Кунистай хамт тоглосон "Нөхөрсөг хамтрагч” кинонд та жирийн залуугийн дүрд хувилсан. Дараа нь таныг Милатай дотно харьцаатай болсон гэж шуугицгаасан?
-Мила бид хоёрын хооронд юу ч байгаагүй. Гэтэл дэмий ярьцгаагаад л. "Муу багш” кинонд Кэмерон Диазтай хамт тоглохыг зөвшөөрсний дараа "Тэд салжээ” гэж бичсэнийг яана.  Би Жессикагаас өмнө Кэмерон Диазтай дөрвөн жил холбоотой байсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Жессика өөрөө жүжигчин болохоор хайр дурлалын зураг авалтад орлоо гээд хоорондоо холбогдчихдоггүй гэдгийг сайн мэднэ. Мила Кунис миний дэлгэцийн хамтрагч. Би дэлгэцэн дотор үнсэлцлээ гээд бодит амьдрал дээр ч үүнийгээ хийх ёстой биш биз дээ. Тэгээд ч тэр жирэмсэн.
-Таны үйл хэрэг, хөгжил дэвшил аль болох хурдан баяжиж бүх юмтай болох гэсэн юм шиг харагддаг. Компьютерийн араас салдаггүй нөхдүүд байдаг шүү дээ?
-Үргэлж л тийм байсан. Миний дэвшил, амьдралын үе шат арга барил техникийн дэвшилтэй салшгүй холбоотой. 90-ээд онд биржид тоглох, 2000 оны үед интернэт ашиглан мөнгө олох боломжтой болсон.  Гэхдээ "SYNC” хамтлагтай хамгийн анхны цомгоо амжилттай гаргасны дараа ээжийнхээ хэлснийг би үргэлж санаж явдаг. Чи тэдний л адил, өмд өмсөхдөө эхлээд нэг хөлөө, дараа нь нөгөө хөлөө хийдэг биз дээ” гэж хэлсэн юм. Мэдээж, хоёр хоногийн дараа би өмдөө шууд хоёр хөлөө хийгээд үсэрч татахыг оролдсон, гэвч болоогүй.  Ээж маань амьдралын ухааныг энгийнээр ойлгуулж байсан хэрэг. Би хөрөнгөтөн биш. Уран бүтээлээ чанартай сайн хийхийг л боддог. Тэр үед мөнгө урамшуулал болж ирдэг.

-Жессика та хоёр гэрлэсний нэг жилийн ой удахгүй болно. Та хуримынхаа ёслолд зориулж дуу бичсэн гэсэн?
-Үнэн. Би зөвхөн Жессика болон хуримдаа зориулж дуу бичсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч. Жессика бид хоёр хоёулаа нулимсаа барьж дийлээгүй шүү. Бид хоёроос өөр олон хүн ч уйлсан.

-Дууны үгнээс хоёр мөртийг сонирхуулаач? 
-Хэрвээ чи миний хажууд байгаагүй бол, би гэдэг хүн тэнэг хэвээрээ үлдэх байсан. Нүд минь юу ч харахгүй байна хонгор минь, надад туслаач хайрт минь. Намайг хайрла, яг одоо. Намайг хайрла /Инээв/.

-Их сонин үгтэй юмаа?
-Би сэтгэлээсээ л энэ үгсийг урсгасан.

-Гэр бүлийн амьдрал ямар байна даа. Хуучин найз бүсгүй Бритни Спирс тань теле шоунд орж байхдаа хувийн харьцааныхаа талаар орон даяар цацчихсанаас хойш хувийн амьдралынхаа талаар ярих дургүй болсныг тань ойлгож байна?
-Тийм ээ. Түүнээс болж хичнээн ч их хэл ам гарав даа. Гэсэн ч одоо болтол амаа хамхиж явна. Жессика бол гайхалтай эхнэр. Би сайн найзтайгаа гэрлэсэн, маш амжилттайгаар. Түүний бүх юм таалагддаг би ч түүнд адил. Ойлгож байна уу, бүх юм. Бид маш ховор ам зөрдөг. Жишээ нь би аяга таваг угаагч машин хэрэглэж чадахгүй байх үед. Гэр ахуйн тал дээр бол би цэвэр ажиглагчийн байр суурьтай хүн шүү дээ. Харин хувцас хунар баглаж боох, цүнхэлж, чемоданд хийх ажлыг бол гарамгай хийнэ. Байнга аялдаг болохоор энэ ч нэг их гайхуулах юм биш л дээ.
-Олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон. Хэрвээ та тэр сайхан бүсгүйчүүд дундаас нэгийг нь онцолвол?
-Би Бритни Спирст одоо хүртэл хайртай. Тэр мэддэг болов уу. Нэг зүйлийг дэлгэхэд би Бритнид анхныхаа үнсэлтийг өгч байсан. /Инээв/.

- Жессика уурлавал яана?
-Зүгээрээ тэр бол ухаантай бүсгүй. Анхны хайрын ариун байдлыг тэр ч бас мэдэрсэн. Тэр анхныхаа хайрыг ярихад би хэзээ ч уурлаж байгаагүй юм шүү /Инээв/. Яагаад гэвэл анхны хайр хэзээ ч бүтдэггүй гэдгийг бид хоёр хоёулаа мэднэ.
Category: Оддын амьдрал | Views: 1629 | Added by: bilgee | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]